90 жилийн ой


“2011 оны Шилдэг номын санчид” PDF Хэвлэх Имэйл
Бичсэн Administrator   
Мягмар, 2012 Хоёрдугаар сар 28 11:33

Монгол улсад орчин үеийн номын сан үүсч хөгжсөний, Үндэсний номын сан байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд

номын санчдын дунд зохион байгуулагдсан “Шилдэг номын санч” уралдаанд шалгарсан номын санчдын эссег та бүхэндээ толилуулж байна.

Нийтийн номын сангийн төрөлд 1-р байр эзэлсэн

Баянхонгор аймгийн төв номын сангийн

номын санч Б.Должин

Цахим номын санч

(Зөгнөлт эсээ)

Өнөөдөр 2021 оны 09 сарын 05 мягмар гариг. Өглөөний 9.00 ажлынхаа автобуснаас буулаа. Номын санч хэмээх энэ нэр хүндтэй оюунлаг ажлыг миний бие 31 жилдээ хийж байна. Энэ хугацаанд номын сан, номын санч хоёр мөн ч их өөрчлөгдөж дээ.

10 жилийн өмнө... өглөө гэрээсээ гарч алхсаар замдаа шуудан тасгаар орж хэвлэлээ бүртгэж аваад түнтийтэл нь тэвэрсээр ажлаасаа хожигдох шахам л орж ирнэ. Ирмэгцээ хэвлэлээ кодлох, данслах, үдэх гээд мөн ч их цаг зарцуулдаг байж билээ.

Харин одоо бол өглөө бүр е-mail хаягаараа хэвлэлээ хүлээгээд авчихна, кодлох, данслах ажил бүгд программчлагдсан учраас үнэхээр хялбар болжээ. Уншлагынхаа зааланд орлоо. Шөнийн ээлжинд гарсан номын санч найрсгаар мэндчилж угтлаа. Уншигчид ч олон харагдана. Номын сан маань ч 24 цагаар ажиллаж эхлээд нэлээд хугацаа өнгөрч байна. Ном, ном уншлага цахим хэлбэрт шилжээд удаж байгаа хэдий ч олон хувь хэвлэх, түгээхийг хориглосон, оюуны үнэт бүтээлд бүртгэгдсэн ном зохиолуудыг уншихаар манайхныг зорьдог уншигчид цөөнгүй. Манай аймгийн бахархал, үнэт зүйлсийн нэгд тооцогдох Ламын гэгээн Лувсанданзанжанцаны зурхайн номын гар бичмэлийг судлахаар АНУ, Японы монголч эрдэмтдийн томоохон баг манай номын санд сүүлийн хэдэн өдөр өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Одооч сууцгааж л байна. Өглөөний мэндийг эрэнгээ кофегоор дайлъя даа!.

09.15 IPad-аараа цахим захиалгуудаа хүлээж аван 1000 гаруй уншигчийнхаа е-mail болон IPad-руу түгээлт хийгээд цагаа харахад 09.30 болж байна. 15 минутын дотор 1000 гаруй уншигчид үйлчилнээ гэж төсөөлж ч байгаагүй үе саяхан даа.

09.30 “ЕБС-ийн “Уран зохиол” сайтруу орлоо X ангийнхан өнөөдөр ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Үр могой” дуулийг үзэх ажээ. 24000 сурагчийн IPad болон е-mail-рүү эх зохиолыг илгээлээ. Монгол ардын үлгэр “Долоон бор оготно” үлгэрийг комик хэлбэрээр I ангийн 25000 хүүхдэд илгээлээ. Манай номын сан ийнхүү ЕБС, цэцэрлэгийн уран зохиол, унших бичгийн хичээлийн хөтөлбөрийн дагуу өдөр тутамд түгээлт хийдэг болсоор багагүй хугацаа өнгөрөөж нэлээд туршлагажаад байгаа билээ.

09.50 “Ном-Эрдэм-21” аяны “Шилдэг үлгэрч” номинацийн хамгийн бага нас болох 3 настануудын бүтээлийг дүгнэх ажилдаа орлоо. 200 гаруй шилдэг бүтээл иржээ. Үнэхээр гайхалтай! Эцэг эх, багш нартайгаа хамтран үлгэр зохиож цуврал зураг хэлбэрээр илгээжээ. Хамгийн бахархмаар нь “Ном-Эрдэм” аяны анхны шилдэг уншигчид маань эдүгээ 20 хол гарсан насны ээж аавууд болчихоод хүүхдүүдээ энэ аянд оруулж байгаа нь цөөнгүй харагдаж байлаа.

10.10 Дэлхийн болоод монголын шинэ номын мэдээллийг хүлээн авч уншигчдынхаа эрэлт хүсэлтийн судалгааг үндэслэн цөөнгүй захиалга хийлээ.

10.30 7 сартай уншигчдын ээлжит өдөр. Живх өмссөн соск хөхдөг байж ээж аавдаа тэврүүлэн номын санд ирдэг гээч. Гэхдээ л тэдний нас сэтгэхүйд тохируулан бүтээсэн номын нэр төрөл 1000 хол даваад байгаа. Цахим хэлбэрт шилжээгүй, шилжих ч боломжгүй ном зөвхөн эднийх. Алив зүйлийг заавал барьж, хазаж амталж байж ойлгож, танин мэддэг нас учраас л тэр...Хүүхдийг 6 сар хүрмэгц нь уншигчийн карт үнэмлэх нээдэг болсоор удаж байна. 30 минудын турш хамгийн өхөөрдөм бяцхан уншигчидтайгаа тэдний хэлээр ярьж, инээн нэлээд баяслаа.

11.00 Бага үдийн завсарлага жимсний шүүс ууж жигнэмэг идэнгээ ажлынхантайгаа нэлээд хөгжилдөж авлаа.

11.20 Уншигч-зохиолчдын уулзалт яг цагтаа эхэллээ. Нобелийн шагналт хүүхдийн зохиолч Мянгуужинг бяцхан уншигчид нь үнэхээр халуун дотноор хүлээн авч байна. Тэмцээн явуулж шинэ номоороо урамшуулж байна.

12.00 Цэцэрлэгийн “Үг хөгжил-үлгэр” сайтруу орлоо өнөөдөр ахлах ангид “эрхий мэргэн”, бага ангид “Манжин” үлгэр орох ажээ. Бүх цэцэрлэг рүү хүүхэлдэйн кино хэлбэрээр нь илгээлээ.

12.30 Ажлынхаа доод давхарт шинээр нээгдсэн бялдаржуулах төв рүү орлоо. Компьютерийн ард байнга суугаа ажилладаг бидний хувьд энэ төв үнэхээр том хөрөнгө оруулалт болсон шүү. Гүйлтийн зам, дасгалын хэрэгслүүд... бүгд иж бүрэн бас дасгалжуулагч эмчтэй, цэвэр цэмцгэр душь, үнэхээр сайхан даа!

13.00 Үдийн цайны цаг. Цайны цаг гэж нэрлээд хэвшчихсэн болохоос биш 20 минут нь үдийн хоол идэх цаг үлдсэн 40 минут нь хувь хүний хөгжлийн цаг шүү дээ! Ажлынхаа ресторанд хоол идчихээд гадаа гарлаа намрын шар нар шараад л сайхан өдөр байна. Цэцэрлэгт хүрээлэнд манайхны зарим нь теннис, зарим нь шатар, нөгөө хэд нь биллиард тоглож харагдана. За теннис рүү очъё доо!

14.00 Гадаад ном хэвлэлийн захиалга хүлээж авч түгээлтээ хийлээ. Англи, Япон, Солонгос ... хэлний сурах бичиг, толь бичгүүд цахим болон цаасан хэлбэрийн аль аль нь ямагт л эрэлт хэрэгцээтэй байх юм даа!

14.30 Уншигчдаасаа авсан сэтгэл ханамжийн судалгаагаа нэгтгэж хөтөлбөр боловсрууллаа магтаал, санал, гомдол... бүгд л байна. Гэхдээ дийлэнх нь магтаал, урмын үг... Оны эхний 9 сарын байдлаар миний бие 10 сая гаруй уншигчдад үйлчилжээ. 10 жилийн өмнө энэ тоо 200 дахин цөөн байсан гээд бодохлоор итгэмээргүй ээ! Үнэхээр л “хана хаалтгүй номын сан”–гаар маань 6 сартайгаас эхлээд 100 хол давсан настанууд хил, хэлний бэрхшээлгүйгээр үйлчлүүлж байгаа хойно.

15.50 Үдээс хойших кофе завсарлага сүү ууж шинэ ногооны салат идэнгээ хөөрхөн хөгжилдөөд авсан шүү.

16.00 “Дотно үйлчилгээ” е-mail-ээ шалгалаа.

- Шилжилтийн насны хүү (охин)-дээ ямар ном уншуулах вэ!

- Удахгүй ээж (аав) болно зөвөлгөө ном явуулаач!

- Сэтгэл тавгүй уйдаад байна зугаатай ном явуулаач... гэх мэт дотно хүсэлт олон иржээ. “Номын санч хүн сайн сэтгэл зүйч байх ёстой” гэж үнэн шүү 2 жилийн өмнө “Нийгэм-сэтгэл зүйн” сургалтанд суусан маань үнэхээр хэрэг болж байна аа!

16.40 IPad-ын түрээсийн үйлчилгээний буцаах хугацаа нь болсон ном хэвлэлүүдээ 3 товч дараад л хураачихлаа. 3000 гаруй номыг уншигчийн гар дээрээс нэг бүрчлэн хүлээн авч шалгаж, бүртгэж, тавиурт нь байрлуулна гэдэг 10 жилийн өмнө бол мөн ч их цаг орох ажил байсан шүү! Харин одоо бол ердөө 3 товч гуравхан минут...

16.50 Улсын төв номын сангийн цахим хуралд суув. Товч тодорхой зохион байгуулалт сайтай болж байна. Дараа нь ахиад номын санчдын цахим уулзалт болж үеийн хэдэн найзтайгаа нэлээд ярилцлаа. Бүгд л өөр өөрийн гэсэн арга барил туршлагыг бий болгожээ. Их зүйлийг олж мэдлээ.

17.30 Орой ээлжийн номын санч инээмсэглэсээр орж ирлээ. Ээлж хүлээлцэх гэдэг ердөө 5 минут. Баяртай.

Би ажил мэргэжилдээ дуртай хайртай!!!

Нийтийн номын сангийн төрөлд 3-р байр эзэлсэн

Дархан-Уул аймгийн Төв номын сангийн номын санч Г.Нямцэнд

Номын сангийн хөгжил

/Эссэ/

1964 оны 8-р сар. Атар зэлүүд хөндийд их хотын суурь тавигдаад гуравхан жил болж байхад хүүхдийн цэцэрлэгийн нэгэн жижиг өрөөнд 4000 орчим номтой соёлын нэгэн гал голомт үүсэн байгуулагдаж, ирээдүйн цэмцгэр хотыг бүтээн босгогчдынхоо оюун санааны зул болон бадарсан нь тус хотын анхны номын сан байлаа.

Тэр үед уншлагын танхимгүй учир зөвхөн гэрээр ном олгон үйлчилдэг байв. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. ..

Номын сан нь хотынхоо хөгжилт, хүн амын өсөлтийг дагаж аж ахуй, зохион байгуулалт, материаллаг бааз, боловсон хүчний хувьд өсөн бэхжиж, улмаар “Хүүхэд залуучуудын номын сан“, Төв номын сан болон шинэ шинэ салбар номын сангууд байгуулагдан уншигчдын оюуны ундрага болсон үйлчилгээний хүрээгээ тэлсэн түүхтэй.

1986 он. Дархан хотын номын сангийн хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдсэн юм. Энэ бол ЗХУ-ын туршлагаар номын сангийн төвлөрүүлэлтийн системийг нэвтрүүлсэн явдал байв.

БНМАУ-ын Соёлын Яамны сайдын 252-р тушаал, Дархан хотын АДХГЗахиргааны 11-р тогтоолын дагуу“ … тус хотын номын сангийн төвлөрсөн системийг “Дархан хотын Төвлөрсөн номын сан” гэж нэрлээд салбар номын сангуудад 1,2,3,4 гэсэн дугаар тогтоосугай” гэж заасан. Ингэж тус хотын нийтийн номын сангууд Төвлөрүүлэлтийн системд шилжин орж нэгдсэн нэг фонд, данс бүртгэл, удирдлага санхүүтэй үйлдвэр аж ахуй газрын дэргэд ном олгох 9 цэг салбартай үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж ажилласан түүхтэй.

1991-1993он. … Орших уу?, Эс орших уу?

Улс орон нийгмийн цоо шинэ систем рүү шилжин орж, орон даяар өөрчлөлт шинэчлэлт явагдаж, эдийн засгийн хямрал бүхнийг хамарсан үе байв. Энэ хүнд хэцүү үед манай номын сангуудыг тойроогүй юм. Үйлдвэр, аж ахуйн газруудын дэргэдэх номын сангийн ном олгох цэг, салбарууд татан буугдаж, олон хүн орон тооны цомхтголд орж, олон мянган ном тоолох, зөөвөрлөх, актлах, данснаас хасах ажил хийгдэж, номын санд ном унших хүн ч эрс цөөрсөн байв.

Гэвч нийгмийн ороо бусгаа үеийг даван туулснаараа номын сан маань оршин тогтнож чадсан юм.

2001 он. Аймгийн Төв номын сангийн хөгжлийн түүхэнд бас нэгэн шинэ гэрэлт хуудас нээгдсэн нь АНУ-ын ЭСЯам, МННХ/Соросын сан/-ийн ивээн тэтгэлгээр хөдөө орон нутгийн хүүхэд залуучуудыг гадаадад сурах асуудлаар зөвлөлгөө өгөх, TOFEL-ийн шалгалтанд бэлтгэхэд туслах, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах зорилгоор “Боловсролын Зөвлөлгөө Мэдээллийн Төв“ байгуулагдсан нь номын сангийн дэргэдэх шинэлэг үйлчилгээний эхлэл болов.

2007 он. Мэдээллийн эрин үеийг дагаж Аймгийн Төв номын санд нэгэн шинэ үйлчилгээ нээгдсэн нь Дэлхийн Банкны “Иргэдийн Мэдээллийн Төв” болсон нь номын сан жинхэнэ утгаараа “Мэдээллийн Төв” болон хөгжих таатай боломж бүрдлээ. Номын сан мэдээллийн байгууллага болохоор дэлхийн хөгжилтэй орнууд номын санг түшиглэж, “Мэдээллийн Төв”-ээ нээснээр тухайн орны боловсрол, эдийн засгийг сурталчилах, мэдээллийг иргэдэд хүргэх ач холбогдолтой гэж үздэгийн нэгэн жишээ юм.

Дархан-Уул аймгийн Төв номын сан нь бусад аймгийн номын сангийн адил, хөгжлийн үеүдийг туулж өнгөрүүлсэн бөгөөд, өнөөгийн түвшинд хүрсэн номын сан болж чадлаа.

Өнөөдрийн байдлаар аймгийн Төв номын сан нь 2 салбар номын сантай, 120.0 гаруй мянган боть номтой, 5000 гаруй байнгын уншигчдад 100.0 гаруй мянган боть ном хэвлэлийн бүтээгдэхүүн олгож үйлчилдэг.

Аймгийн ТНС нь магистр, бакалавр, дипломын мэргэжлийн боловсролтой 11 номын санчтай ажиллаж байна.

Америкийн Боловсролын гишүүн байгууллага, Дэлхийн банкны “Иргэдийн Мэдээллийн Төв” нь оюутан залуучуудыг гадаадад сурах асуудлаар, өөрийн болон бусад орны улс орны хөгжлийн талаархи мэдээлэлийг иргэдэд нээлттэй болгож өглөө.

Дээрхи байгууллагуудын төв нь номын сангийн дэргэд байгуулагдсанаар тоног төхөөрөмж, ном хэвлэл авахад санхүүгийн маш их дэмжлэг үзүүлж байна. Үүнд:

Notebook компьютер

DELL фермийн компьютер

Жил бүр 500$-ын шинэ ном

Дэлхийн банкны санхүүжилтээр номын сангийн www.darlib.mn Websait,

2018 маркийн канон

Экран,

Зургийн аппарат

Скайнер

Принтер

Олон хэрэглэгчтэй Сервер компьютер

Уншигчийн ширээ сандал

Уншигчийн заалны сантехникийн өргөтгөл зэрэг хөрөнгө оруулалт хийгдлээ.

Номын сангийн үйл ажиллагааг автоматжуулахад ихээхэн анхаарал тавьж, LIB-4U программыг хэрэгжүүлж эхлээд байгаа нь ирээдүйн үйл ажиллагааны эхлэл болж байна.

Миний төсөөллөөр ирээдүйн номын сан нь хүний оролцоогүй иргэд хүссэн мэдээллээ дэлхийн аль ч өнцгөөс олж авах таатай нөхцөл бүрдэнэ гэж бодож байна.Үүний тулд эхний ээлжинд аймгуудын номын сангууд электрон каталогийн нэгдсэн сүлжээнд хамрагдаж мэдээллээ солилцдог болно.

Дараагийн зуунд дэлхий нийтээрээ нээлттэй мэдээллийн төвтэй болж глаболчлагдах байх гэж бодож байна. Ингэхийн тулд дэлхий нийтээрээ өндөр хурдны интернэт, өндөр хөгжсөн техник технологийг ашигладаг болно. Энэ үед манай орны уншигчид АНУ-ын Конгрессын номын санд ном унших боломж бүрдэх байх.

Номын сангийн мэргэжлийн боловсон хүчин, цаг үеийн шаардлагыг дагаж, техник технологийн өндөр мэдлэгтэй, багаар ажиллах чадвар сайтай, хэлний өндөр боловсролтой, мэдлэгийн өргөн цар хүрээтэй байх болно.

Дэлхий нийтийн номын сангийн хөгжил ийм түвшинд хүрч байхад манай аймгийн номын сан нь ойрын 5 жилд өөрийн гэсэн байртай, төрөлжсөн уншлагын танхимуудтай, уншигчид нь мэдээллээ бусад номын сангаас электрон хэлбэрээр авдаг болох юм.

Зарим хүмүүсийн ярьдагаар номын цаасан хэлбэр устаж, электрон хэлбэрт орж болох боловч, элдэв техникийн саатлаас устах, мэдээлэл хайх цаг алдах зэрэг сөрөг талууд байж болох юм. Ийм учраас уламжлалт арга хэлбэрүүд маань давхар байх хэрэгтэй.

Нийтийн номын сангийн төрөлд тусгай байр эзэлсэн

ХНО-ны ЗАА-н хэлтсийн эрхлэгч, ном зүйч С. Тунгалаг

Хүүхдийн номын сангийн

лавлагаа мэдээллийн ажил

(эссэ)

Хүүхдийн номын ордны лавлагаа мэдээллийг шинэ номын мэдээ, ном зүйн жагсаалт, аман болон бичгийн лавлагаа мэдээллийг өгөх, мэргэжлийн арга зүйн зөвлөгөөг сургалтаар болон биечлэн, утсаар өгч болох бүхий л сувгаар хүргэж, ХНО-ноос зохион байгуулагдаж буй соёлын ажлыг хэвлэл мэдээлийн хэрэгслээр сурталчилах зэргээр уншигч, ЕБС-ийн номын санч нар болон үйлчлүүлэгчдэд мэдээ мэдээллийг хүргэн үйлчилж байна.

Шинэ номын мэдээг бүх уншлагын танхимуудын 242 шинэ номоор шинэ номын мэдээг гаргаж, танхимуудад байрлуулж уншигчдад сурталчилдаг. Энд герман хэл, орос хэл, англи хэлний номуудыг тухайн хэлээр нь товч тайлбартай бичиж гаргадаг. Шинэ номын мэдээнд өмнөх үг, ХНО-ны вэб сайтын хаяг, захиалгат тогтмол хэвлэлийн жагсаалт зэргийн багтаан хэвлэдэг.

Номзүйн жагсаалт ХНО хэвлэлийн хуудаснаа ном зүйн жагсаалтанд 2008-2010 онуудад хэвлэгдсэн 18 материал, 2011 оны 2 материалыг бүрэн эхээр нь, Бөхийн Баастын 90 насны ойд“, Д. Пүрэв “90 насны ойдном зүйн жагсаалт, Дэлхийн хүүхэлдэйн урлаг”, Орос хэлний сурах бичигнийт 5 ном зүйн жагсаалт гаргасан. Ном зүйн жагсаалтанд зохиогчийн намтар, бие даан хэвлэгдсэн бүтээл, МУЗД-д орсон бүтээл зэргийг багтаадаг. Зөөврийн номын сангийн нээлтийн бэлтгэл ажилд оролцон, 13 байгууллагын 1040 номыг танхимуудаас ялган жагсаалт гаргасан.

Лавлагаа, мэдээлэл өгөх үйлчилгээ нь номын сангийн ажлын гол үзүүлэлт юм. Хүүхэд багачууд уншигч үйлчлүүлэгчдэд мэдээллийн үйлчилгээг хаяг, утасны дугаараар өгөх энгийн хэлбэрээс асар хэцүү ном зүйн ишлэлийг хайх, тодорхой нэг сэдвийн тухай баримт бичгийг олж тогтоон хүргэх хүртэл олон төрлийн хэлбэрээр хүргэж байна. Үүнээс гадна асар олон лавлагааны сайт, вэб лавлах, хайх хөдөлгүүрүүд бүхий Дэлхий Даяарх Сүлжээ (вэб) –г ашиглан уншигч хэрэглэгчийн хүссэн мэдээ мэдээллийг цаг тухайд нь түргэн шуурхай, оновчтой, хүргэхэд өөрийн ажлын гол зорилго болгон ажил ирсэн. Үүний үр дүнд 2007-2009 оны байдлаар 60722 лавлагаа мэдээллийг хүүхдийн номын ордны уншигч үйлчлүүлэгчдэд өгсөн байна. Харин 2011 оны 9 сарын байдлаар Монгол тэмээний тухай, Татварын хууль, Элсэлтийн шалгалтын тухай, Их, дээд сургуулийн танилцуулга, Индиго хүүхдийн тухай, Номын тухай зүйр цэцэн үгс, Соёлын ажлын хөтөлбөр гаргах, Төсөл бичих аргачлал, Т. Очирхүү “Ахмадуудаа одонгоо зүүцгээе” шүлэг, Япон улсын засгийн газрын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам, тавигдах шаардлага, болзол, Б. Явуухулангийн орчуулга “”Наран үүрд мандаж байг” дууны үг зэрэг бичгийн лавлагаа 1-3 хоног шүүлт хийж, нийт 1238 аман болон бичгийн лавлагаа өгч уншигч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангасан.

Лавлагаа номзүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөөг төмөр замын дээд сургуулийн номын санч, Дэлхийн зөн ТББ-ын номын сангийн ажилтан, Баянхонгор, Архангай, Төв, Дорнод, Дархан-Уул, Баян-өлгий номын санчид, Архангай аймгийн сургуулийн номын санч Ичиндулам, Сэлэнгэ аймгийн сургуулийн номын санч Д.Тунгалаг, Хөвсгөл аймгийн “Далай ван” коллежийн номын санч Ц.Оюун, 36-р сургуулийн номын санч Н. Оюунгэрэл нарт номын сан номзүйн ангилал, данс бүртгэлийн хөтлөлт, санамж өгөх номзүйг хэрхэн гаргах, лавлагаа өгөх арга, интернэтээс мэдээлэл хэрхэн хайх, энэ жилийн 2010-2011 онд ЕБС-д үзэх сурах бичиг, төрийн алба хаагчдын 2010 оны цалингийн сүлжээ, Шилдэг номын санч шалгаруулах уралдааны болзол, Эссэ бичих талаар хөдөө орон нутгийн номын санчид болон хамтран ажилладаг байгууллагуудын ажилтнуудад биечлэн, e-mail хаяг болон утсаар аргазүйн зөвлөгөөг өгч ажилласан.

Сургалт арга зүйн ажлаар Баянхонгор, Архангай, Төв, Дорнод, Баян-өлгий аймгуудын ЕБС-ийн номын санчдад Ном бүрдүүлэлт”, “Картын сангийн зохион байгуулалт” “Номын сангийн каталог зохион байгуулалт“, Фондын зохион байгуулалт”, “Номын сангийн менежментсэдвээр хичээл заасан.

Баян-өлгий аймгийн сургуулийн номын санчдыг ШУТИС-ийн номын сангийн үйл ажиллагаатай танилцуулсан. Сургалтанд оролцогсдод бэлгийн ном болон сертификатыг гардуулан өгсөн.

СДС-ийн номын сангийн мэргэжлийн 8 оюутны дадлага хийх хуваарийг гаргаж, удирдамжийн дагуу дадлага хийлгэж байна. Ингэснээр мэргэжилдээ хандах хандлагыг сайжруулж, номын санч мэргэжлийн сайхны мэдрүүлж, үр дүнтэй дадлага ажлууд болж ирсэн.

Мөн мэргэжлийн гадаад хэлээр хэвлэгдсэн сэтгүүл болох IFLA-ийн сэтгүүл, Олон улсын хүүхдийн номын зөвлөлөөс эрхлэн гаргадагChildren Opening Doors сэтгүүл, Азийн сангаас хүлээн авсан номын сангийн мэргэжлийн 17 нэр төрлийн номын нэрийг тус тус орчуулж хэлний мэдлэгээ дээшлүүлж байна.

Үндэсний номын сангаас эрхлэн гаргадагНомын санчсэтгүүлд хүүхдийн ном уншлагатай холбоотой материалуудыг бэлтгэн цувралаар өгч хэвлүүлж байна.

ХНО-ны танхимуудын үйл ажиллагааны сурталчилгааг СДС-ийн 8 оюутан, 24-р суруулийн идэвхтэн 24 уншигч, Говьсүмбэр аймгийн СТ-ийн 4 хүн, Баянхонгор, Архангай, Төв, Дорнод, Дархан-Уул, Баян-өлгий аймгуудын номын санчид, 21 аймгийн соёлын төвийн эрхлэгч нарт нийт 250-иад хүмүүсэд танилцуулсан. Мөн ХНО-ны 500-гаад ширхэг танилцуулгыг хэвлэн олшруулж тараасан. ХНО-ны танхимууд үйлчилгээ болон зохиогдож буй арга хэмжээг “Эх орон” TV, “За” TV, “Шинэ дэлхий” TV, “Мөрөөдөл” TV (кабелийн), “starTV зэрэг телевизүүдэд ярилцлага өгч сурталчилсан.

Байгууллагын тохижилтын ажилд: Өөрийн санаачилгаар “Номын сан-бохьгүй орчин” ажиллагаа, жижүүрийн ар талыг тохижуулж ногоон орчин бүрдүүлж эхлээд байна. Эдгээр тохижилтын ажлыг хийхэд 165 000 төгрөгийг зарцуулсан.

Ингэснээр байгууллагын өнгө үзэмжийг сайжруулж, уншигч үйлчлүүлэгчдийн ая тухтай орчинг бага ч болов бүрдүүлж, бид өөрийн номын сангаа дэлхийн номын сангуудын хөгжлийн жишигт ойртсон орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий төрөлжсөн үйлчилгээтэй хүүхэд багачуудын ирэх дуртай оюуны өргөө болгох зорилго тавин ажиллаж байна.

Сүүлд шинэчилэгдсэн Мягмар, 2012 Хоёрдугаар сар 28 12:42
 
ҮНДЭСНИЙ НОМЫН САН-аас 90 жилийн ойд зориулан гаргаж буй бүтээлүүд PDF Хэвлэх Имэйл
Бичсэн Administrator   
Лхагва, 2011 Арваннэгдүгээр сар 23 12:38

Номын санчдын намтарчилсан лавлах болох

“Ном дагасан заяа” ном хэвлэгдлээ.

Манай орны өнцөг булан бүрт эрдэм, соёлыг дэлгэрүүлж, мэдлэг мэдээллийг түгээж байдаг номын санчид хэмээх ажилч, хичээнгүй, даруухан эдгээр хүмүүсийн намтарчилсан лавлахыг анх удаа эмхэтгэн хэвлүүлсэн юм. Номын санчдын намтарчилсан лавлахыг хийх ажлыг ахмад номын санч, номзүйч Ш.Базар санаачилсан бөгөөд бид хамтран Монгол Улсад орчин үеийн номын сан үүсч хөгжсөний, Үндэсний номын сан байгуулагдсаны 90 жилийн ойдоо бэлэг болгон өргөн барьж байна. Ш.Базар нь олон жил цуглуулсан өөрийн архив болон ахмад номын санчдын хувийн хэрэг, материал зэргийг үзэж, ном сонин, сэтгүүлийг ухан эргүүлж, ахмадуудын яриа хөөрөөг сонсож, тэмдэглэн эрэл сурал болсны үр дүнд энэхүү лавлахад номын сангуудыг анхнаас нь байгуулалцсан олон ахмадуудын тухай оруулсан болно. Мөн номын сангийн салбарт одоо ажиллаж байгаа номын санчдын хувийн хэргийг бүрдүүлэх, эхийг засварлан бэлтгэх ажлыг Үндэсний номын сангийн дэд захирал Д.Бямбасүрэн, Фонд хадгаламжийн хэлтсийн дарга Б.Амарсайхан, Мэдээлэл арга зүйн хэлтсийн аргазүйч Г.Гүнжинлхам нар гүйцэтгэж, Д.Бямбасүрэн редакторлов. Энэ номд нийтийн, их дээд сургууль, ЕБС, МСҮТ болон хувийн их дээд сургуулийн номын санд олон жил үр бүтээлтэй ажилласан 348 номын санчдын намтар, ажлын амжилт, бүтээл багтсан байна.

Монгол улсын Үндэсний номын сан

Чингисийн өргөн чөлөө-4

Улаанбаатар, 210648

Тел:323100; 325573.

Номын цагаан буян улам дэлгэрэх болтугай.


----------------------------------------------------------------------------------------

 

“Монгол улсын Үндэсний номын сан дахь архивын бүртгэн мэдээлэх номзүй”


 

 

Монгол улсын Үндэсний номын сангийн үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь өөрийн оронд хэвлэгдэн гарсан ном, хэвлэлийн бүтээгдэхүүн бүрээс нэг хувийг авч, архив фондыг бүрдүүлэн, эх материалаар нь хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх явдал юм.

Энэ учир Монголын Үндэсний номын сангийн архив фондод 1921 оноос хойшхи 90 жилийн хугацаанд монголын ард түмний оюунаар бүтээн туурвигдаж, хэвлэгдэн гарсан ном бүрээс архивлан хадгалсан нь өдгөө 32 мянгад хүрсэн байна.

1921 онд монгол оронд ардын хувьсгал ялсны дараа хүн ардынхаа боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх талаар үлэмж их ажил хийсний дотор Судар бичгийн хүрээлэн байгуулж (одоогийн Шинжлэх ухааны академи) дэргэд нь 2000-аад номтой номын санг ажиллуулах шийдвэрийг Улсын бага хурал гаргаснаар Монгол улсын Үндэсний номын сан сууриа тавьж, ном судрыг олноор цуглуулж, ном хэвлэх үйл ажиллагаа ч өргөжиж эхэлжээ.

Үүний дүнд улсын номын санд олон тооны ном хэвлэл цугларч тэдгээрийг ангилан бүртгэх ажил өрнөн энэ шаардлагын үүднээс Шинжлэх ухааны хүрээлэнгийн захиргаа Хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан, 1921 оноос хойш тус улсад хэвлэгдсэн бүх ном хэвлэлийн дэлгэрэнгүй бүртгэлийг гаргахаар болж, уг ажлыг эрдэмтэн Я.Цэвэл, Д.Нацагдорж нарт даалгасны дагуу “Монгол улсын арваннэгдүгээр оноос эдүгээ хүртэлх хэвлэмэл зүйлийн бүртгэл” нэртэй лавлахыг бэлтгэн хэвлүүлсэн нь орчин үеийн Монголын номын сангийн номзүйн бүртгэл хөтлөх их үйлсийн анхдагч болсон юм.

Үүнээс хойш тус номын сангаас эрхлэн монгол номын ерөнхий ба салбар номзүйн 135 дэвтэр бүртгэлийг бэлтгэн хэвлүүлжээ. Мөн 1921-2001 он хүртэлх хугацаанд хэвлэгдэн гарсан монгол ном болон номын санд хадгалагдан, нийтийн хүртээл болж байгаа бүх гар бичмэл, барын номын мэдээллийг нэгтгэсэн “Монголын үндэсний номзүйн бүртгэл мэдээллийн сан” CD хэлбэрийн номзүйг боловсруулж уншигч олны гарт хүргэсэн байна.

Үндэсний номын сангийн 90 жилийн ойг угтан 1921-2010 онд хэвлэгдэн, архивт хадгалагдаж буй номын тухай мэдээллийг олон нийтэд хүргэхээр Д.Энхтунгалаг ахлагчтай номын сангийн олон мэргэжилтнүүд хичээн зүтгэсний дүнд дараах 5 боть номзүйн бүртгэлийг та бүхэндээ өргөн барилаа.

I боть:1921-1965.-466х.

II боть:1966-1978.-532х.

III боть:1979-1989.-626х.

IV боть:1990-2000.-412х.

V боть:2001-2010.-581х.

Энэхүү бүтээлээр Үндэсний номын сангийн архивт хадгалагдаж буй монголчуудын оюуны соёлын түүх болсон эх материалуудыг бүртгэн мэдээлэхийг чухалчлан боловсруулахдаа тухайн боть бүрт хамрагдсан номуудыг шинжлэх ухааны анги салбар, он дарааллаар болгон цэгцэлж, ном бүрийг бүтээхэд оролцсон зохиогч, орчуулагч, редактор, зураач, эмхтгэгч нарыг тусгах үүднээс хүний нэрийн хэлхээсийг бэлтгэж, газарзүйн ба товчилсон үгийн хэлхээсийг нэмж оруулснаараа онцлогтой.

Уг номзүй нийт уншигч, номын сан, ном хэвлэлийн салбарын чухал хэрэглэгдэхүүн болж, монгол судлалын эрдэм шинжилгээ- судалгааны ажлыг өргөжүүлэн тэлэхэд зохих хувь нэмэр оруулж эхэлээ.

Жич: Архивын сан хөмрөгт хэдийгээр хадгалагдаж байгаа боловч хэвлэлийн газар, хэвлэгдсэн он зэрэг хэвлэн нийтлэлийн мэдээ дутуу бичигдсэн ном, бусад баримтууд номзүйд тусгагдаагүй бөгөөд хэрэв Эрхэм таны оюуны бүтээл эдгээр 5 ботид ороогүй бол Монголын үндэсний номын санд байхгүй байх талтай. Иймд та өөрийн бүтээл туурвилаа Үндэсний номын санд өгснөөр анхны эхээрээ архивлан хадгалагдаж, монголчуудын бичиг соёлын дурсгал болон хойч үед уламжлагдан үлдэх учиртайг анхаарах буй за.

Монгол улсын Үндэсний номын сан

Чингисийн өргөн чөлөө-4

Улаанбаатар, 210648

Тел:323100; 325618.

Номын цагаан буян улам дэлгэрэх болтугай.

 

----------------------------------------------------------------------------------------

 

90 жилийн ойн Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн

хураангуй хэвлэгдэн гарлаа

Монгол улсын Үндэсний номын сангийн 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Монгол улсын Үндэсний номын сан монгол үндэстний бичгийн соёлыг хадгалагч, түгээн дэлгэрүүлэгч болох нь”, “Монголын номын сангийн салбарын өнгөрсөн, одоо, ирээдүй” гэсэн хоёр том сэдвийн дор эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын санд 2011 оны 11 дүгээр сарын 16-нд боллоо.

Хурлыг МУИС, МХСС-ийн багш д-р, проф. Ш.Чоймаа, д-р, проф. Ж.Сэржээ, Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга д-р, проф. Э.Пүрэвжав нар удирдан, Үндэсний номын сангийн хэлтсийн дарга Д.Энхтунгалаг ахлагчтай ажлын хэсэг зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний хуралд ШУА. Хэл зохиолын хүрээлэн, МУИС, СУИС-ийн доктор профессорууд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан д-р, проф. А.Цанжид, БСШУЯ-ны Соёл урлагийн газрын мэргэжилтэн Б.Баяраа болон Хувийн их, дээд сургуулиудын номын сангийн холбоо, Монголын номын сангуудын концерциум, Үндэсний номын сан, УБ хотын төв номын сан, Хүүхдийн номын ордон, МУИС, СУИС, ШУТИС, хөдөө орон нутгийн номын сангийн эрдэмтэн, судлаач, мэдээллийн ажилтнууд оролцож илтгэл тавьж олны сонорыг мялаалаа. Тэдгээрээс 16 илтгэлийг хамарсан <Монгол улсын Үндэсний номын сан 90 жил:Эрдэм шинжилгээний хурлын илтгэл> нэртэй ном хэвлэгдэн гарлаа.

Энэ номонд монголын номын сангуудын хөгжлийн тухай эрдэм шинжилгээ судалгааны түүхэн баримтууд болон номын сангийн өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар олон сонирхолтой илтгэл багтсан учир номын сангийн талаар төрөөс баримтлах бодлого, сургалт-материаллаг бааз, үйл ажиллагааны цаашдын зорилго, зорилт, зангилаа асуудлыг шийдвэрлэхэд туслах судалгааны чухал гарын авлага болох нь эргэлзээгүй.


 

Монгол улсын Үндэсний номын сан

Чингисийн өргөн чөлөө-4

Улаанбаатар, 210648

Тел:323100; 325618.           

Номын цагаан буян улам дэлгэрэх болтугай.

----------------------------------------------------------------------------------------

“Номын санч” сэтгүүлийн тусгай дугаар


Монгол Улсын Үндэсний номын сан байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан 36 дахь жилдээ гарч буй “Номын санч” сэтгүүл “Тусгай дугаар” гаргалаа. Уг дугаарт монгол түмний эрдэм оюуны уурхай Үндэсний номын сангийн түүх, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хэтийн төлөв, хадгалагдаж буй бичиг соёлын өв дурсгалууд болон орчин цагийн номын сангийн тогтолцоо, ахмад номын санчдын дурсамж зэргийг монгол, англи хэлээр толилуулжээ.

Монгол улсын Үндэсний номын сан

Чингисийн өргөн чөлөө-4

Улаанбаатар, 210648

Тел:323100; 325573.

Номын цагаан буян улам дэлгэрэх болтугай.


----------------------------------------------------------------------------------------

 

 

“Монгол гар бичмэл, барын номын номзүй”


Монгол улсад орчин үеийн номын сан үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулж, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн түүхт ойг угтаж, энэ их ойд зориулсан давалгаат үйл явдлын нэгэн гол онцлог нь монгол судлаач, дотоод, гадаадын эрдэмтэн уншигчидын Х хурал монгол улсад болох гэж буй явдал байсан. Даяаршил мэдээллийн эрин үед дэлхийн улс орнууд бие биений түүх, соёл, ахуй амьдрал, зан заншлыг харилцан сонирхон судлах нь их болсон. Тэр дундаа нэгэн үе дэлхийн талыг эзэлж явсан Чингисийн монголын түүхийг бүр их сонирхох болсон. Иймээс энэ их соёлын өвийг хадагалагч, түгээн дэлгэрүүлэгч Үндэсний номын сангаас 90 жилийн ойгоо тохиолдуулан “Монгол гар бичмэл, барын номын номзүй”-г уншигч, эрдэмтэн судлаачиддаа зориулан өргөн барьж байна. Уг номзүйг Соёлын гавъяат зүтгэлтэн доктор проф. Г.Аким, Доктор (Ph.D), дэд проф. Ж.Цэзэн, Доктор (Ph.D) Ц.Баттулга нар редакторлов.

 

 

Монгол улсын Үндэсний номын сан

Чингисийн өргөн чөлөө-4

Улаанбаатар, 210648

Тел:323100; 99829405.

Номын цагаан буян улам дэлгэрэх болтугай.


----------------------------------------------------------------------------------------

 

“Монгол судлалын талаарх хэвлэгдсэн бүтээлийн номзүй”3 боть ном хэвлэгдэн гарлаа


Монгол улсад орчин үеийн номын сан үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулж, монголын тухай сонирхогч дэлхийн монгол судлаачдын эгнээ улам бүр өргөжиж буй өнөө үед Монголын талаар бичиж нийтлүүлсэн эрт эдүгээгийн баримт материалуудын талаарх мэдээллийг тусгайлан бэлтгэж гаргах асуудал нэн чухал юм. “Монгол судлалын талаарх хэвлэгдсэн бүтээлийн номзүй” хэмээх лавлахыг Монгол улсын үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй материалд үндэслэн гурван дэвтрээр хэвлэн нийтлүүлэхээр Ц.Дуламсүрэн, Б.Гантулга нар эмхтгэн бэлтгэсэн байна. 1MS, 2MS, MS гэсэн шифрийн заалт бүрийг дансны дугаарын хамт бичиж оруулсан нь Үндэсний номын сангийн “Монгол судлал”-ын ...рт бүртгэлтэй ном мөн гэдгийг давхар харууллаа. Энэ гурван ботид нийт 11500 гаруй нэр төрлийн 22650 орчим ном багтсан байна. “Монгол судлалд холбогдсон судлагааны бүтээл, туувилыг түүвэрлэн гаргаж, нийт судлаач, уншигчдад гарын авлага лавлах материалыг бэлтгэж өгөхөд номын санч мэргэжлийн онцлог оршино.

Нэгдүгээр дэвтэр: “Монгол судлалын монгол хэлээр хэвлэгдсэн бүтээлийн номзүй”-д монгол хэлээр хэвлэгдсэн 1770-2009 он хүртлэх оныг хамарсан, 604 нэрийн номд товч тайлбар үйлдэн хэвлүүлсэн нь монгол судлаачдад үнэлж баршгүй мэдээллийг бэлтгэж өгчээ. Уг номзүйг Соёлын гавъяат зүтгэлтэн доктор проф. Г.Аким, Доктор (Ph.D), дэд проф. Ж.Цэзэн, Доктор (Ph.D) Б.Тунгалаг нар редакторлов.

Хоёрдугаар дэвтэр: “Монгол судлалын орос хэлээр гарсан бүтээлийн номзүй”-д Монгол судлаач, дотоод, гадаадын эрдэмтдийн орос хэлээр бичиж туурвисан 1805-2011 он хүртлэх нийт 22634 нэрийн бүтээл хамрагдсан. Орос хэлний түүхэн 3-н үеийн бичлэгээр бичигдсэн ном, бүтээлүүд орсон нь уг номзүйг “Монгол судлал”-ын тулгуур бүтээл гэж үзэж болно. Уг номзүйг Соёлын гавъяат зүтгэлтэн доктор проф. Г.Аким, Доктор (Ph.D), дэд проф. Ж.Цэзэн, Доктор (Ph.D) Б.Тунгалаг нар редакторлов.

Гуравдугаар дэвтэр: “Монгол судлалын гадаад хэлээр гарсан бүтээлийн номзүй”-д Англи, Герман, Унгар, Болгар, Турк, Гүрж, Араб, Энэтхэг, Төвд, Хятад, Тайвань, Солонгос, Япон, Лаос гэх мэт олон орны хэлээрх бүтээл орсон тул тус тусын хэлний үсгийн фондод хөрвүүлэх засах, скайнердан татаж оруулах, өгөгдөл үсгийн тэмдэгтүүдийг алдаагүй буулгах зэрэг хянамгай, маш нарийн ажиллагаа шаардаж байсан нь олон хүний хамтын хөдөлмөрөөр бүтсэн гэж үзэж болно. Нөгөө талаар номон дотор орсон монгол судлалын холбогдолтой томоохон бүтээлд задлаг тодорхойлолт бичихдээ зарим газар хуучин бичилтээр Жнь: -В кн: буюу шинэчилсэн бичилтээр (//) тодорхойлолт өгсөн байдлаар оруулсан болно. Уг номзүйг Соёлын гавъяат зүтгэлтэн доктор проф. Г.Аким, Доктор (Ph.D), дэд проф. Ж.Цэзэн, Доктор (Ph.D) Б.Тунгалаг, Магистр Б.Баярмаа, Г.Буянцэцэг нар редакторлов.

Монгол улсын Үндэсний номын сан

Чингисийн өргөн чөлөө-4

Улаанбаатар, 210648

Тел:323100; 99829405.

Номын цагаан буян улам дэлгэрэх болтугай.

----------------------------------------------------------------------------------------

 

“Наймдугаар Богд Жавзандамба хутагтын номын сангийн гар бичмэл номын номзүйн судалгаа”

Монгол улсад орчин үеийн номын сан үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулж, VIII богд Жавзандамба хутагтын Монгол Улсын Шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмлөгдсөний 100 жилийн ойд зориулан Түүхэн соёл судлалын доктор Б.Тунгалаг “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын номын сангийн гар бичмэл номын номзүйн судалгаа” номоо хэвлүүлжээ. 1924 онд Монгол Улсын Үндэсний номын санд Монголын сүүлчийн эзэн хаан VIII богд Жавзандамба хутагтын номын сангаас өвлөгдөн ирсэн Монгол гар бичмэл номуудын бүртгэлийг иж бүрэн 28 үзүүлэлтээр гаргаж тавьсан энэхүү номыг уншигч, эрдэмтэн судлаачиддаа зориулан өргөн барьж байна. Энэхүү товхимолд номзүй судлалын онол, арга, арга зүйн хувьд төдийгүй Монголын түүхэн соёл судлал, Богд судлал, түүнчлэн дэлхийн монгол судлалд шинжлэх ухаан мэдээллийн чухал ач холбогдолтой асуудлыг багтаасан байна. Уг ном зүйн Хариуцлагатай редактораар Соёл судлалын доктор (Ph.D), дэд проф. Ж.Цэзэн, редактораар Нийгмийн шинжлэх ухааны доктор проф. С.Батмөнх нар ажиллажээ.

Монгол улсын Үндэсний номын сан

Чингисийн өргөн чөлөө-4

Улаанбаатар, 210648

Тел:323100; 325573.

Номын цагаан буян улам дэлгэрэх болтугай.

Сүүлд шинэчилэгдсэн Даваа, 2011 Арванхоёрдугаар сар 12 17:44
 
“Шилдэг номын санч” шалгарлаа PDF Хэвлэх Имэйл
Бичсэн Administrator   
Мягмар, 2011 Арваннэгдүгээр сар 22 15:43

 

МҮНС-ийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Шилдэг номын санч” шалгаруулах уралдааны аваргууд тодорлоо.

Монгол Улсад орчин үеийн номын сан үүсч хөгжсөний, Үндэсний номын сан байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж нийт номын санчдын дунд “Шилдэг номын санч “ шалгаруулах уралдаан зарласан юм. Уралдааны зорилго нь номын санчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бүтээлч ажлыг өрнүүлэх, номын сангийн хөгжилд хувь нэмэр оруулж, номын сангийн салбарын үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдэж байсан.

Энэхүү “Шилдэг номын санч” шалгаруулах болзолт уралдаанд нийтийн болон ЕБС, их дээд сургуулийн нийт 80 гаруй номын санчдын материал ирсэн байна. Уралдаанд оролцсон номын санчдыг номын сангийн төрлийнх нь хувьд 3 хувааж шалгаруулсан. Үүнд: Нийтийн номын сан, ЕБС-ийн номын сан, Их дээд сургуулийн гэсэн 3 төрөл. Шалгаруулалтыг явуулахдаа болзолд заагдсан шалгуурын дагуу үнэлж дүгнэсэн бөгөөд голлож анхаарсан зүйл бол номын санчдын шинэлэг ажил нэвтрүүлсэн байдал, мэдээлэл технологийг ажилдаа нэвтрүүлсэн байдлыг илүүтэй анхааран үзсэн болно.

“Шилдэг номын санч” болзолт

уралдаанд байр эзэлсэн байдал


Нийтийн номын сан

I байр

Баянхонгор аймгийн ТНС-ийн номын санч Б.Должин

II байр

Хөвсгөл аймгийн Тариалан сумын номын санч Х.Мөнхцэцэг

III байр

Дархан ТНС Г.Нямцэнд

III байр

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум Дашлонжид

Тусгай байр

ХНО-ны номзүйч С.Тунгалаг

ХТНС-ийн номын санч Г.Отгонжаргал

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын номын санч Ц.Ариунаа

Булган аймгийн ТНС Б.Батжаргал

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын номын сан Х.Майннэгэн

ХНТС- БЗД-дэх салбар Г.Эрдэнэчимэг

Завхан ТНС Л.Цэрэндолгор

Төв аймгийн Баяндэлгэр сум Д.Долгор


ЕБС-ийн номын сан

I байр

“Эрдмийн өргөө” цогцолбор Ю.Дашням

II байр

Төв аймгийн Баянчандмань сумын сургуулийн

номын санч Ч.Ичинхорлоо

III байр

Хэнтий Баян-Овоо сумын сургуулийн номын санч Б.Ганчимэг

III байр

СБД 2-р сургууль Ю.Намсрай

Тусгай байр

Баянхонгор “Номун далай” Цогцолбор Б.Байгалмаа

Говь-Алтай Цээл сумын сургуулийн номын санч Д.Ганчимэг


Их дээд сургуулийн номын сан

II байр

ШУТИС-ийн ШУТТНС-ын ахлан номын санч Ж.Баатарсүрэн

III байр

ХААИС-ын номын санч Б.Энхжаргал

III байр

Баянхонгор аймгийн МСҮТ Ч.Пүрэвмаа

Тусгай байр

Удирдлагын Академи С.Сумъяа нар тодорлоо.

Нийт шалгаруулалтанд оролцсон номын санчид мөн шагналт байр эзэлсэн шилдэг номын санч та бүхэндээ монгол улсад орчин үеийн номын сан үүсч хөгжний 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажлын өндрөөс өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Та биднийг номын цагаан буян мөнхөд ивээж байх болтугай.


ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: ҮНДЭСНИЙ НОМЫН САН, ХҮҮХДИЙН НОМЫН ОРДОН, IOV  ТББ

Сүүлд шинэчилэгдсэн Лхагва, 2011 Арваннэгдүгээр сар 23 10:02
 
“Шилдэг номын санч” шалгаруулах уралдааны удирдамж PDF Хэвлэх Имэйл
Бичсэн Administrator   
Мягмар, 2011 Арваннэгдүгээр сар 22 15:40

Уралдааны зорилго:
Монгол Улсад орчин үеийн номын сан үүсч хөгжсөний, Үндэсний номын сан байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж нийт номын санчдын дунд “Шилдэг номын санч “ шалгаруулах уралдаан зарлаж байна.
Уралдааны зорилго нь номын санчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бүтээлч ажлыг өрнүүлэх, номын сангийн хөгжилд хувь нэмэр оруулж, номын сангийн салбарын үйл ажиллагааг дэмжихэд оршино.



Уралдааны шалгуур үзүүлэлт:

  • Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн чанар, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байдал;
  • Номын сангийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан шинэлэг ажил санаачлан хийж үйлчилгээнд нэвтрүүлсэн байдал, түүний үр дүн;
  • Номын сангийн үйл ажиллагааг сайжруулах бүтээлч ажлуудыг өрнүүлсэн байдал. Үүнд: Номын сангийн тохижилт, фондын хадгалалт хамгаалалт, соёл олон нийтийн ажил,  мэдээлэл лавлагаа номзүйн ажил;
  • Аливаа ажил үйлчилгээндээ бүтээлчээр хандаж шинэ мэдээлэл технологийг эрэлхийлэн практик дээр хэрэгжүүлэх талаар бодитой ажлыг хийсэн байдал;
  • Ном, хэвлэл болон номын сангийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилсан байдал;
  • Хариуцсан ажлын чиглэлээр хэвлэлд бичиж нийтлүүлсэн материал, бүтээл гаргасан байдал;

Оролцогчийн хүрээ:
Хот, хөдөөгийн нийтийн, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн номын санчид хамрагдана.

Уралдаан явагдах үе шат, шалгаруулалт:
Уралдаан 2 шатаар явагдана. Үүнд:

1-р шат: 2011 оны 9-р сарын 1-ээс 10-р сарын 1-ний хооронд

  • Аймгийн ТНС нь орон нутагтаа ажиллаж байгаа бүх төрлийн номын сангуудаас 9 номын санчийг шалгаруулна.
  • Нийслэл дэх төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн холбоод нь тус 9 номын санчийг шалгаруулна.
  • Үндэсний номын сан нь нь нийслэл дэхь нийтийн номын сангуудаас 8 номын санчийг шалгаруулна.
  • Хүүхдийн номын ордон нь нийслэл дэхь ЕБС-ийн номын сангуудаас 10 номын санчийг шалгаруулна.


2-р шат: 2011 оны 10-р сарын 1-ээс 10-р сарын10-ны хооронд

  • 1-р шатнаас шалгаран ирсэн материалуудыг Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон, бусад

мэргэжлийн хүмүүсээс  бүрдсэн комисс шүүж дүгнэнэ.

Материалд тавигдах шаардлага:

  • “Шилдэг номын санч” шалгаруулах улсын уралдааныг дүгнэхдээ 2010 оны 1-р сарын 1-ээс 2011 оны 9-р сарын 1 хүртэл хийсэн ажлын тайланг үндэслэл болгоно.
  • Уралдаанд ирүүлэх материалыг хавтсанд хийх ба цахим хэлбэрээр өгсөн байна.
  • Өөрийн номын сангийн дэвшилтэт арга ажиллагаа, тэргүүн туршлага болон хариуцан гүйцэтгэж буй мэргэжлийнхээ талаар 800-гаас доошгүй үгтэй эссэ бичиж ирүүлнэ.
  • Уралдаанд ирүүлэх материалыг 2011оны 10-р сарын 1-ний дотор комиссд ирүүлсэн байна. /Хугацаа хоцорсон материалыг хүлээж авахгүй/
  • Уралдаанд ирүүлэх материал нь дээрх үзүүлэлтийн шаардлагыг бүрэн хангасан байна.


Уралдааны шагналын сан:
3,000,000 төгрөг /өргөмжлөл, мөнгөн шагнал/

Нийтийн номын сан:
1-р байр – 1        250,000 төгрөг        
2-р байр – 1        200,000 төгрөг                                         
3-р байр – 2        150,000 төгрөг /тус бүр/     
Тусгай байр – 2      75,000 төгрөг /тус бүр/           

Их, дээд сургуулийн номын сан:
1-р байр – 1        250,000 төгрөг
2-р байр – 1        200,000 төгрөг                                         
3-р байр – 2        150,000 төгрөг /тус бүр/                    
Тусгай байр – 2      75,000 төгрөг /тус бүр/    

ЕБС-ийн  номын сан:
1-р байр – 1        250,000 төгрөг
2-р байр – 1        200,000 төгрөг                                         
3-р байр – 2        150,000 төгрөг /тус бүр/                    
Тусгай байр – 2      75,000 төгрөг /тус бүр/



ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: ҮНДЭСНИЙ НОМЫН САН, ХҮҮХДИЙН НОМЫН ОРДОН, IOV  ТББ


Сүүлд шинэчилэгдсэн Даваа, 2012 Хоёрдугаар сар 20 13:36
 
Эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр PDF Хэвлэх Имэйл
Бичсэн Administrator   
Мягмар, 2011 Арваннэгдүгээр сар 15 10:08

 

Монгол улсад орчин үеийн номын сан үүсч, Үндэсний номын сан байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурал 2011 оны 11-р сарын 16-ны өдрийн

10:30-15:30 цагт

Үндэсний Номын сан

Их уншлагын танхимд болно.

Илтгэл 5-10 минут

Зохион байгуулах хороо

“Монгол улсын Үндэсний номын сан монгол үндэстний бичгийн соёлыг хадгалагч, түгээн дэлгэрүүлэгч болох нь”

сэдэвт эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр

09:30-09:55 Бүртгэл

10:30-10:40 Нээлтийн ажиллагаа

10:40-10:50 “Үндэсний номын сан бол монгол судлалын сан хөмрөгийн өлгий мөн”-Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, д-р, дэд проф. Э.Пүрэвжав


10:50-11:00 “Улсын номын сангаас Үндэсний номын сан хүртэл”-МУИС, МХСС-ийн багш д-р, проф. Ж.Сэржээ


11:00-11:10 “Монголын Үндэсний номын сангийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага”-Үндэсний номын сангийн захирал Х.Чилаажав


11:10-11:20 “Орчин үеийн номын сангийн өөрчлөлт ба үндэсний номын сан”-проф. А.Цанжид

 

11:20-11:30 “Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга О.Жамъянгийн амьдрал, үйлс”-МУИС, МХСС-ийн багш д-р, проф. Ш.Чоймаа


11:30-11:40 “Монголын Үндэсний номын сангийн ном бүрдүүлэлтийн

байдал:Архив фондын судалгаан дээр”-Үндэсний номын сангийн хэлтсийн дарга, док-т Д.Энхтунгалаг


11:40-11:50 “МҮНС-ийн сан хөмрөгт монгол гар бичмэл номын эзлэх байр суурь”-д-р (PhD), Б.Тунгалаг


11:50-12:00 “Монголын уламжлалт номзүйн эх Хэрэглэгдэхүүний судалгаа”-СУИС. Соёлын боловсролын сургуулийн багш д-р, проф. Ж.Цэзэн


12:00-12:10 “Үнэт ховор ном, судрыг дижитал, электрон хэлбэрт шилжүүлэх ач холбогдол”- проф. Г.Аким


12:10-12:20 “Ном бүхэн түүхтэй” ҮНС-ийн төвд номын судалгаан дээр”- Хэл зохиолын хүрээлэнгийн төвд судлалын секторын э/ш-ний ажилтан

Г.Ням-Очир


12:30-13:10 Үдийн завсарлага

“Монголын номын сангийн салбарын өнгөрсөн, одоо, ирээдүй”

сэдэвт эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр

13:10-13:20 “Монголын номын сангийн өнөө, маргааш”-БСШУЯ-ны СУГ-ын мэргэжилтэн док-т Б.Баяраа


13:20-13:30 “Номын сангийн боловсон хүчний хөгжлийн чиг хандлага”- СУИС. Соёлын сургуулийн захирал д-р, проф. Д.Бат-Эрдэнэ

 

13:30-13:40 “Номын санч, мэдээллийн ажилтныг идэвхжүүлэх асуудал”-СУИС. СБС-ийн багш док-т Т.Хайдав


13:40-13:50 “Монгол улсад дижитал номын санг хөгжүүлэхэд тулгарч буй асуудал”-Монголын номын сангуудын концерциумын гүйцэтгэх

захирал Л.Гантулга


13:50-14:00 “Нийтийн номын сангийн үйлчилгээний чиглэл, зорилгын

өөрчлөлт”–УБ хотын төв номын сангийн программист Ж.Бэгзсүрэн


14:00-14:10 “Монголын хүүхдийн номын сангийн түүх, хөгжлийн асуудал”–Хүүхдийн номын ордны захирал, док-т Д.Оюунбилэг


14:10-14:20 “Монголын их, дээд сургуулийн номын сангийн шинэчлэл:ШУТИС-ийн номын сангийн жишээн дээр”- ШУТИС-ийн номын сангийн захирал д-р (PhD), дэд проф. Ч.Гульнар, Ахлах номын санч Ж.Баатарсүрэн


14:20-14:30 “Монголын их, дээд сургуулиудын номын сангийн автоматжуулалтын үйл явц:МУИС-ийн номын сангийн жишээн дээр”–МУИС-ийн номын сангийн захирал Д.Саранцэцэг, мэдээллийн

технологич Эрдэнням


14:30-14:40 “Хувийн их, дээд сургуулиудын номын сангийн өнөөгийн байдал,

хэтийн төлөв”–Хувийн их, дээд сургуулиудын номын сангийн холбооны тэргүүн,

“Тэнгэр” дээд сургуулийн орлогч захирал Б.Хөхөө

15.00-15.30 Хаалтын ажиллагаа

Сүүлд шинэчилэгдсэн Мягмар, 2011 Арваннэгдүгээр сар 15 16:30
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 Дараах > Төгсгөл >>

Хуудас 1 -н 2