Ховд аймгийн нийтийн номын сангийн танилцуулга

Ховд аймгийн Нийтийн номын сан

Анх 1938 онд 500 орчим боть номтой, нэг ажилтантай, "Уншлагын газар" нэртэйгээр байгуулагдаж байсан номын сан нь өдгөө 18 ажилчин албан хаагч, 70 мянга гаруй номын фондтой, нэг ээлжиндээ 220 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадал бүхий орчин цагийн номын сан болон өргөжөөд байна.

Тус байгууллагын хамт олон оюуны хурдацтай хөгжил бүхий мэдээллийн эрин зуунд номын сангийн үйлчилгээний цар хүрээг улам өргөжүүлж, иргэдэд зөвхөн ном уншуулах газар бус тэд ном хэвлэл уншихын зэрэгцээ сүүлийн үеийн мэдээ, мэдээллээр хангагдаж өөр хоорондоо мэдээлэл солилцох орчин бүхий "Мэдээллийн төв" болгон хөгжүүлэх зорилттой ажиллаж байгаа. Энэ зорилгоо биелүүлэх үүднээс номын сангийн бүх үйлчилгээнд чанарын өөрчлөлт хийж, электрон каталог, цахим номын сан зэрэг номын сангийн шинжлэх ухаанд гарч буй сүүлийн үеийн ололт амжилтуудыг өргөн нэвтрүүлэх, интэрнет мэдээллийн хүртээмжийг сайжруулах ажлуудыг эхлүүллээ.

Манай байгууллага түүхэн 70 жилийн босгон дээр иргэддээ Мэдээлэл, номзүйн тасаг, үндсэн фонд, Уншлагын их танхим, хүүхдийн уншлагын "Үл мэдэх", "Их мэдэх" танхим, Гэрээр ном олгох тасаг, Америкийн соёл мэдээллийн төв зэрэг тасаг танхимуудаар үйлчилж байна.

Бид жилд номын фондоо 1000 орчим номоор баяжуулж, 4000 гаруй уншигчдад карт нээж, 46500 ирцэд 70000 ном сэтгүүл олгож уншуулж, уншлага үйлчилгээний төлөвлөгөөг сүүлийн жилүүдэд тогтмол 100-аас дээш хувиар давуулан биелүүлж ажиллалаа.

Монгол Америкийн хамтын ажиллагааг сайжруулах, хүүхэд залуучуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор АНУ-ын элчин сайдын яам 2007 онд тус байгууллага дээр "Америкийн соёл мэдээллийн төв"-ийг байгуулсан нь үр дүнтэй ажил боллоо. Тус төвөөр жилдээ 11000 хүн үйлчлүүлж 3500 гадаад ном сэтгүүл ашиглахын зэрэгцээ 1600 цаг үнэгүй интэрнетэд сууж мэдлэг мэдээллээ дээшлүүлсээр байна.

Ховд аймагт өнөөдөр сумын 16, их дээд сургуулийн 13, Ерөнхий боловсролын сургуулийн 26, албан байгууллагын 4, нийт 59 номын сан ажиллаж байгаа бөгөөд Нийтийн номын сан нь тэнд ажиллагсадад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, нэгдсэн журмаар ном хэвлэлээр хангах талаар анхааран ажиллаж байна. Мөн тэдэнд жил бүрийн шилдэг номоор шалгарсан бүтээлүүдийг жагсаалтын дагуу гардуулж фонд бүрдэлтэнд нь анхаарч байна.

Ийнхүү Ховд аймгийн Нийтийн номын сан нь өнгөрсөн хугацаанд ном гэдэг эрдэнийг хэвлийдээ тээж түүнийг дээдэлж, түүн дор мөргөгсдийн оюуныг цэнгээн, хэрэгцээг нь хангаж олон түмэндээ ном эрдмээ түгээсээр 70 жилийг ардаа орхиж байна.

Ховд аймаг
Мэдээ мэдээлэл
Номын сангийн ажиллагчид /2015 он/
Төв номын сангийн 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан
Номын сангийн тоног төхөөрөмжийн судалгаа /2015 он/
«    1-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola