» Сэргээн засварлах

Сэргээн засварлах

Үндэсний номын сангийн сэргээн засварлалт

Үндэсний номын сан нь гурван сая гаруй ном, хэвлэлтэй бөгөөд үүнээс нэг сая гаруй нь монгол, төвд, манж, гар бичмэл модон барын ном юм. Соёлын үнэт өв болох ном судрууд нь хадгалалтын горим алдагдах болон он удаан жилийн ашиглалтын явцад хатаж хуурайшин хугарч гэмтсэн, үйрч унасан, нугалаасаараа урагдсан, тасарч унасан, нэмэлт наалтууд нь салж алга болсон, үг үсэг нь ховхорч наалдсан, усан гэмтлийн улмаас шар толбо суусан зэрэг маш олон төрлийн гэмтлүүдэд өртөж байна. Бичиг үсгийн дурсгалын нэг хэлбэр болох цаасан өв нь бусад соёлын өвөөс агуулж байгаа мэдээллээр их, олон хувь, материалын хувьд гэмтэхэд хялбар тул цаасан өвийн хадгалалт, хамгаалалтын орчныг хэвийн хэмжээнд байлгах, гэмтэл үүссэн баримтын түүхийн үнэ цэнийг алдагдуулахгүйгээр хадгалж хамгаалах, сэргээн засварлах зайлшгүй шаардлага урган гардаг. Үүний үндсэн дээр бид дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд :

 

1.Сэргээн засварлах лабораторийн үндэс суурийг тавьсан.

Дэлхийн томоохон номын сангууд дэргэдээ сэргээн засварлалтын бүрэн тоноглогдсон мэргэжлийн лабораторитой, чадварлаг боловсон хүчнүүдээр багаа бүрдүүлэн ажилладаг жишгийн дагуу манай номын сан үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдагийн хувьд орчин үеийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж бүхий сэргээн засварлах лабораторитой болох зайлшгүй шаардлага гарч ирсэн. Үүнээс улбаалан бид БСШУЯ болон ССАЖЯ, Ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэйгээр сэргээн засварлах лабораторийн үндэс суурийг тавьж, техник тоног төхөөрөмж болон багаж хэрэгсэл, материал цаас зэргээр тохижуулж чадсан.

2.Ном судрын хадгалалт хамгаалалтыг зохих хэмжээнд сайжруулсан.

Цаасан баримтат өвийн хадгалалт, хамгаалалтын орчинг хэвийн хэмжээнд байлгах, гэмтэл үүссэн баримтын түүхийн үнэ цэнийг алдагдуулахгүйгээр хадгалж хамгаалах, сэргээн засварлах нь баримтат өвийн хадгалалтын хугацааг уртасгах, судалгаа, шинжилгээний эргэлтэнд оруулж, нийтэд түгээн дэлгэрүүлэх боломжийг бүрдүүлдэг билээ. Тиймээс бид хадгалалт хамгаалалтын асуудалд онцгой анхаарч дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд :

- Хэт их хуурайшилттай, хүний гар хүрэхэд хэврэг зарим номуудыг вакумжуулсан. Ингэснээр тухайн баримтыг тоос шороонд дарагдах, шавьж хорхойд идэгдэх, үер усанд автагдах зэрэг гэмтлүүдэд өртөхөөс сэргийлж удаан хугацаанд хадгалах боломжийг бүрдүүлж өгч байгаа хэрэг юм.

- Болгомол хар цаасан дээр алт, мөнгө, есөн эрдэнээр бичсэн Ганжуур судрын хуудас бүрийн завсарт хоорондын үрэлтээс хамгаалсан зориулалтын хүчиллэггүй цаас хавчуулах ажил хийгдсэн бөгөөд үүнийг хийсэнээр хадгалалт хамгаалалтын нөхцөл байдлыг сайжруулан, цаашид нэмэлт гэмтэл үүсэх явцыг бууруулсан.

- Сэргээн засварласан ном нэг бүрт технологийн картжуулалт хөтлөн, түүнд тохирох хайрцаг, дугтуй хийж байна.

 

3.Эртний гар бичмэл болон барын ном судрыг сэргээн засварлах ажлыг дахин эхлүүлсэн.

Сэргээн засварлалт гэдэг нь баримтын хадгалалтын хугацааг уртасгаж, дахин нэмэлт гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлж, тэдгээрийг судалгаа шинжилгээний эргэлтэнд оруулж уншигч судлаачдын хүртээл болгон, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойгоор хийгддэг. Бид сэргээн засварлах ажлыг эхлүүлэхийн өмнө үндэсний номын сангийн Гар бичмэл, монгол судлалын номын фонд, Үнэт ховор номын музей болон Төвд номын фондод хадгалагдаж буй ном судраас нэн тэргүүнд сэргээн засварлах шаардлагатай 67 ном судрын нэрсийн жагсаалт гарган, гэмтлийг тодорхойлон, тэдгээрийг сэргээн засварлаж байна.

Жишээ болгон нэг баримтын сэргээн засварлахаас өмнөх болон дараа үеийн зургийг орууллаа.

 

4.Сэргээн засварлагчдыг үе шаттайгаар сургалтанд хамруулсан.

Соёлын өвийг сэргээн засварлахдаа тухайн өвийн үнэт зүйлсийг хадгалах, өнгө хэлбэр төрхийг үл эвдэх, түүнийг аюулгүй урт удаан хадгалах нөхцлийг хангах зэрэг зарчмуудыг баримтлан ажиллах ёстой. Ингэхийн тулд сэргээн засварлагчаас мэргэжлийн өндөр ур чадвар шаардана. Хэдийгээр манай улсад мэргэжлийн сэргээн засварлагчдыг бэлтгэдэг, ур чадвар олгодог боловсролын тогтолцоо байхгүй боловч бид хэрэгжүүлсэн төслийн хүрээнд гадаад орны сэргээн засварлах лабораториудад сэргээн засварлагчдаа үе шаттайгаар бэлтгэн сургаж байна. Түүнээс гадна гадаадын мэргэжилтэн багш нарыг эх орондоо урьж авчран, тэднээссуралцах, дадлагажих, сургалтанд оролцож буй бусад байгууллагын мэргэжилтнүүдээс харилцан туршлага солилцох хамтын сургалтыг зохион байгуулж ажиллалаа.


«    6-р сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola