ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ - Мэдээ
Буцах

ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Ангилал: Мэдээ

Огноо: 2026/04/23 17:34


Зураг
Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан тухайн салбарын хөтөч тайлбарлагч, аяллын менежер, жуулчин операторуудын төлөөлөл, хувь хүмүүс Дэлхийн номын өдрөөр Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Төв номын сангийн аялал жуулчлалын маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцан "Tourist Time-42" хөтөлбөрт хамрагдлаа.

"Tourist Time-42" хөтөлбөрийг Монголын Аялал Жуулчлалын Холбоотой хамтран зохион байгуулж, гишүүн байгууллагууд болон салбарын бизнес эрхлэгчдийн 40 гаруй төлөөлөл оролцов.

Номын сангийн аяллын маршрутаар төв номын сангийн түүх, архитектурын түүхэн дурсгалт барилга, ЮНЕСКО-д бүртгэлтэй номын хөшөө (1929), хуучин судар номын нууцлаг сан хөмрөг, Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богдын судар номын өв, алт, мөнгө, есөн эрдэнээр урласан номууд, Үнэт ховор номын музейтэй танилцсан юм.

Аяллыг МУҮНС-ийн маркетингийн менежер С.Чулуунпүрэв, Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Нямдорж, Үнэт ховор номын музейн сан хөмрөгч Б.Отгонтуяа, Хуучин судар номын сан хөмрөгч Б.Хүрэлцоож нар хөтөчлөн явуулж, хөтөлбөрийн төгсгөлд аялал жуулчлалын салбарын төлөөлөл оролцогчдын санал хүсэлтийг сонсон хэлэлцүүлэг өрнүүлж, хамтын ажиллагааны мэдээлэл хуваалцав.

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Үнэт ховор номын музейн тасалбар 10,000 төгрөг; Төв номын сангийн аяллын тасалбар 20,000 төгрөг /Үнэт ховор номын музей үзэх эрх багтсан/ бөгөөд аяллыг ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулж, аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч, аяллын менежер, тур оператор компани, хувь хүмүүстэй хамтран ажиллана.

Номын сантай холбогдох:
Цахим хуудас www.nationallibrary.mn
Цахим шуудангийн хаяг info@nationallibrary.mn
Санал хүсэлтийн талбар https://shorturl.at/Tfdc8
Утас 70112396 болно.
Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг