“ӨНГӨРСНӨӨС ИРЭХ ҮНЭР” – НОМД НУУГДСАН НУУЦ МЭДЭЭЛЭЛ СУДАЛГААНЫ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. - Мэдээ
Буцах

“ӨНГӨРСНӨӨС ИРЭХ ҮНЭР” – НОМД НУУГДСАН НУУЦ МЭДЭЭЛЭЛ СУДАЛГААНЫ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Ангилал: Мэдээ

Огноо: 2026/07/26 11:09


Зураг
Австри Улсын BOKU их сургуулийн Сэргээгдэх нөөцийн химийн хүрээлэн, Монгол Улсын Соёл урлагийн их сургууль (СУИС), Монгол Улсын Үндэсний номын сан хамтран зохион байгуулсан “Өнгөрснөөс ирэх үнэр – Номд нуугдсан нууц мэдээлэл” судалгааны семинар амжилттай боллоо.
Семинарын үеэр Австри Улсын BOKU их сургуулийн Сэргээгдэх нөөцийн химийн хүрээлэнгийн захирал, профессор, доктор Томас Розенау тус сургуулийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй судалгааны төслүүдийг танилцууллаа. Харин профессор, доктор Антье Поттхаст номын цаасанд агуулагдах цууны хүчил ширхэглэгийн түвшинд хэрхэн гэмтэл үүсгэдэг механизм, лабораторийн туршилт, шинжилгээний үр дүн, мөн шатсан цаасыг бактерийн наноцеллюлоз (BNC) болон нанофибрилляр целлюлоз (CNF)-ын тусламжтайгаар бэхжүүлэх дэвшилтэт арга, шинжлэх ухааны шинэ үр дүнг танилцуулав.
Мөн BOKU их сургуулийн Сэргээгдэх нөөцийн химийн хүрээлэнгийн судлаач, доктор Д. Гүнбилиг “Өнгөрснөөс ирэх үнэр – Номд нуугдсан нууц мэдээлэл” төслийн урьдчилсан үр дүнг танилцуулсан бол ШУТИС-ийн Э.Тогтохбаяр “Монгол орны байгалийн ургалттай хус (Betula platyphylla)-ны модлогийн шинж чанарын судалгаа” илтгэл, Монгол Улсын Үндэсний номын сангийн сэргээн засварлагч, доктор О. Ангарагсүрэн “Болгомол цаасны гэмтэл, бүтэц”, Монгол судлалын сан хөмрөгч Ч. Гансүх “Үндэсний номын санд хадгалагдаж буй эртний цаасны тухай”, илтгэлүүдийг тус тус хэлэлцүүллээ.
Семинарын үр дүнд Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж буй хуучны номын үнэрийн судалгааг үргэлжлүүлэх, мөн Австри Улсын BOKU их сургуулийн Сэргээгдэх нөөцийн химийн хүрээлэнд Монголын цаасан баримтын материалын шинжилгээ, сэргээн засварлалтын чиглэлээр богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалт, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг Зураг