Буцах
ЭХ ХЭЛНИЙ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/09/01 10:16
Их Монгол Улсаа байгуулсны 820 жилийн ой, Эх хэлний өдөрт зориулан Монгол Улсын Үндэсний Номын Сангаас ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний Тэргүүлэх ажилтан, Хэл бичгийн Шинжлэх ухааны доктор (Sc.D) С.Мөнхсайханы "Монголын нууц товчоон ба Их Монгол Улсын хэл, соёл" сэдэвт лекцийг Салбар номын санд зохион байгууллаа.
Мөн Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй монгол болон дэлхийн олон хэлээр хэвлэгдсэн Монголын нууц товчооны хувилбарууд, эрдэм шинжилгээ, судалгааны 200 орчим бүтээлүүдээс бүрдсэн үзэсгэлэнг дэлгэн толилуулж байна. Үзэсгэлэн 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл уншигчдын хүртээл болно.
"Монголын нууц товчоон ба Их Монгол Улсын хэл, соёл" лекцэд эрдэмтэн судлаачид, уншигч олны төлөөлөл, нийслэлийн ЕБ-ын СХД-ийн 151 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагчид хүрэлцэн ирж оролцлоо. Лекцийн дараа доктор (Sc.D) С.Мөнхсайхан Монголын нууц товчоо судлалын олон улсын академиас болон өөрийн эрхлэн хэвлүүлсэн ном бүтээлийн дээжээс Үндэсний Номын Сангийнхаа сан хөмрөгт хандивлав.
Монгол туургатны аугаа их туурвил “Монголын нууц товчоон”-ыг дэлхийн 30 гаруй улс оронд азербайжан, алтай, англи, болгар, буриад, вьетнам, герман, испани, итали, казах, мажар, марати, монгол, орос, перс, польш, солонгос, тува, турк, уйгур, франц, халимаг, хятад, чех, эсперанто, япон зэрэг гуч шахам хэлээр орчуулж, 150 гаруй удаа хэвлэгдсэнээр таван тивд түгэн тархжээ.