Буцах
ТАРГАН БАНДИДА ЦЭВЭЛВАНЧИГДОРЖИЙН МЭНДЭЛСНИЙ 190 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО
Ангилал: Мэдээ
Огноо: 2026/09/21 13:38
Олон түмнээ "Тарган Бандида" нэрээрээ алдаршсан Арвайн хүрээний бандида ламтан Цэвэлванчигдоржийн түмэн өлзий гийсний 190 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал, ном бүтээлийн үзэсгэлэн 2026 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Салбар /Шинэ байр/ номын сангийн Үзэсгэлэнгийн танхимд болно.
Эрхэм хүндэт уншигч олон, эрдэмтэн судлаач, лам хувраг, иргэд олон нийт Та бүхнийг Арвайн хүрээний "Тарган бандида" ламтны 190 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд морилон ирэхийг урья.
Эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөрийг уншигч Та бүхэндээ танилцуулж байна.
Хэзээ: 2026 оны 09-р сарын 23-ны өдөр
Хаана: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Салбар номын сан
Олондоо "Тарган бандида" хэмээн алдаршсан Цэвэлваанчигдорж нь монгол, төвөд хэлээр ном зохиол туурвиж, мод барын хэвлэлээр ном барлах, хэвлэх ажлыг эхлүүлж, мөн буддын сургууль дацан байгуулах зэргээр Арвайн хүрээг хөгжүүлэн Монголын шашин соёлын түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм.
Түүний төвөд хэлээр туурвисан зохиол бүтээлийг ангилан үзэхэд Буддын гүн ухаан, шашны зан үйл, аг тарни, хэл зүй, хүн мал эмнэлэг, эм эмчилгээ, арга засал, нүүдэлчдийн ахуй амьдралын холбогдол бүхий 300 шахам бүтээл байна. Эдгээрээс адуу малын эмчилгээний арга заслын судрууд, малчдын мал маллагааны арга ухааны холбогдолтой судрууд зэрэг энгийн малчдын амьдралд чиглэсэн ном зохиол олноор туурвисан нь тухайн үеийнхээ эрдэмтэн лам нарын зохиол бүтээлээс онцгой ялгарч байдаг.
Цэвэлваанчигдоржийн санаачилсан бас нэгэн чухал ажил нь монгол барын хэвлэл юм. Монгол нутагт үндэснийхээ бичиг үсэг, монгол хэлээр ном зохиол барласан хүрээ хийд тийм ч олон биш. Арвайн хүрээнд 150 орчим нэр бүхий номыг монгол хэлээр, 500 гаруй номын төвөд хэлээр барлан хэвлүүлж байжээ.