Эхлэл›Мэдээ, мэдээлэл›Дэлгэрэнгүй
2026/11/19 · Мэдээ

НОМЫН САН СУДЛАЛ-2026 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсын Үндэсний номын сангийн 105 жилийн ойд зориулсан "Номын сан судлал-2026" эрдэм шинжилгээний хурал 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Үндэсний номын сангийн Салбар номын сангийн Үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдлаа.
Номын сангийн салбарт өрнөж буй өөрчлөлт, шинэчлэлийн үндсэн ойлголтуудыг судлан, хэрэглээнд нэвтрүүлэх, салбарын судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин хөгжүүлэх замаар номын сангийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад тус хурлын зорилго оршино.
Хурлыг МУҮНС-ийн захирал Б.Ичинхорлоо нээж үг хэлсэн бол ССАЗЖЯ-ны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
Хурлын хүндэт зочдоор СГЗ, доктор Б.Галаарид, СУИС-ийн проректор, доктор, профессор Ж.Эрхэмтөгс, Соёлын сургуулийн захирал доктор, дэд профессор Б.Мөнхбадрал, Монголын номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ, Соёл Урлаг Судлалын Хүрээлэнгийн захирал доктор, профессор Б.Эрдэнэцэцэг, Нийтийн болон Их дээд сургууль, ЕБС-ийн номын сангийн нийт 60 гаруй мэргэжилтнүүд уригдан оролцов.
Монгол Улсын Үндэсний номын сангийн 105 жилийн ойг тохиолдуулан Төрийн болон Салбарын хүндэт шагналуудыг гардуулав.
- "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор Уншлага үйлчилгээний хэлтсийн дарга Сономдовын Цоггэрэл ,
- ССАЖЗЯ-ны шагнал "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр Баримтат өвийн судалгаа, мэдээллийн хэлтсийн Сэргээн засварлагч Одхүүгийн Ангарагсүрэн,
- Захиргаа удирдлагын хэлтсийн ажилтан Балдангийн Баатар,
- ССАЖЗЯ-ны "Жуух бичиг"-ээр Ном бүрдүүлэлт боловсруулалтын хэлтсийн Номын сан-мэдээллийн ажилтан Э.Мянганзул нар тус тус шагнагдлаа.
Эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттай явагдав. Эхний хэсгийг МУҮНС-ийн Ерөнхий номын санч Т.Баярлах удирдан чиглүүлж, дараах илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
-МУҮНС-ийн захирал Б.Ичинхорлоо “Монгол Улсын Үндэсний номын сангийн түүхэн хөгжил (1921-2026)”
-ССАЗЖЯ-ны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг “Номын сангийн талаар төрөөс баримтлах бодлого:Уламжлалт сан хөмрөгөөс дижитал мэдлэгийн нэгдсэн тогтолцоо руу”
-СУИС-ийн проректор, доктор, профессор Ж.Эрхэмтөгс “Номын сан нь соёлын боловсрол ба олон нийтийн оролцоог идэвхжүүлэх институци болох нь”
-СГЗ, доктор Б.Галаарид “Номын сангийн салбар нь дижитал шилжилтийн үеийн мэдээллийн боловсролын тулгуур институц болох нь”
-МУҮНС-ийн МАЗЭШХ-ийн дарга доктор Т.Хайдав “Монголын номын сан судлалын онол ба хөгжил”
-СУИС. Соёлын сургуулийн НСС тэнхимийн эрхлэгч Б.Амарзаяа “Номын сан судлал” хөтөлбөрөөр төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээл: Эрэлт, нийлүүлэлт ба ажил эрхлэлтийн дүн шинжилгээ”
Хурлын 2 дахь хэсгийг МУҮНС-ийн СХХХ-ийн дарга доктор Б.Тунгалаг удирдан чиглүүлж, дараах илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
-МУҮНС-ийн НББСХ дарга Г.Гүнжинлхам “Сан хөмрөгийн бүрдүүлэлтийн бодлого: чанар, тоо хэмжээний тэнцвэрт байдал”
-МУҮНС-ийн ЦШМТХ-ийн дарга Б.Бат-Эрдэнэ “Нийтийн номын сангийн цахим нэгдсэн систем”
-МУҮНС-ийн сан хөмрөгч, Өтвөш Лорандын Их Сургуулийн докторант Ч.Гансүх “Сан хөмрөгийн судалгаа хадгалалт хамгаалалтад нөлөөлөх нь”
-МУҮНС-ийн гадаад харилцааны мэргэжилтэн Б.Нямдорж “Монгол-Герман эрдэм шинжилгээний харилцааны түүхэнд холбогдох 1929 оны нэгэн дурсгалын бичээс”
-МУҮНС-ийн УҮХ-ийн номын санч Б.Болортунгалаг: “Монгол Улсын Үндэсний номын сангийн нийтийн уншлагын танхимаар үйлчлүүлэгч уншигчдын хэрэгцээг цахим системийн өгөгдөлд үндэслэн судалсан нь”
-МУҮНС-ийн Баримтат өвийн мэдээлэл, судалгааны хэлтсийн сэргээн засварлагч, доктор О.Ангарагсүрэн “Номын сангийн куратор ба үзүүллэг, үзэсгэлэн дэглэх тухай” цахимаар оролцлоо.
Мөн энэ үеэр Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд МУҮНС-ийн 105 жилийн ойд зориулсан "ЭРДЭМД ХӨТӨЛСӨН 105 ЖИЛ" тусгай үзэсгэлэн гаргалаа.
"Номын сан судлал-2026" эрдэм шинжилгээний хурлын хааж Мэргэжил арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Т.Хайдав хэлсэн үгэндээ хурлаас гарсан санал зөвлөмжийг илтгэгчдийн илтгэлийн хамт "Номын сан судлал-2026" эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд оруулахаа онцоллоо.