Эхлэл›Мэдээ, мэдээлэл›Дэлгэрэнгүй
2026/11/24 · Мэдээ

АЛБАНИЙН ЭЛЧИН САЙД НОМ ХАНДИВЛАЛАА

Өнөөдөр 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Албани Улсаас Монгол Улсыг Бээжингээс хавсран суугаа Элчин сайд ноён Риза Бода, элчингийн зөвлөх ноён Новруз Чета, Албани Улсын Өргөмжит консул Ж.Жаргалсайхан нар Монгол Улсын Үндэсний Номын Санд зочилж, ном хандивлалаа.
Тэд Албанийн нэрт зохиолч Исмайл Кадарегийн «Алдагдсан дөрөвдүгээр сар» романы монгол орчуулгыг МУҮНС-ийн захирал Б.Ичинхорлоод өргөн барьсан юм. Уг зохиолыг орчуулагч С.Булгантамир францаас монгол хэлнээ хөрвүүлжээ.
Уулзалтын үеэр МУҮНС-ийн захирал Б.Ичинхорлоо Албанийн Үндэсний Номын Сантай холбоо тогтоож, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Элчин сайд уг саналыг дэмжиж, холбоо тогтооход дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн бөгөөд хойтон Монголын уншигчдад зориулж, Албанийн уран зохиолын өдөрлөг хамтран зохион байгуулах санал дэвшүүллээ.
Энэ онд Албани Улс тусгаар тогтнолоо зарласны 114 жилийн ой, Монгол, Албаны хооронд дипломат харилцаа тогтоосны 77 жилийн ой тохиож байна. Албани улс нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрсөн Европын анхны, дэлхийн гурав дахь улс юм.